top of page

МИНИЙ АЯЛЛЫН ХЭРЭГСЛҮҮД

Updated: Feb 27, 2020

Аяллын адал явдалд бэлэн байхын тулд бэлтгэл чухал гэдэгтэй санал нийлнэ бизээ. Тиймээс цаг агаарын хүнд нөхцөл, замын байдал, нөөц төлөвлөгөө зэргийг заавал тооцох шаардлага гарна. Миний тухайн аяллыг юугаар, хаашаа, хэзээ хийх үү гэдгээс хамаарч аяллын хэрэгслээ сонгоно. Дараах зурагтай хэрэглэх тайлбар болон миний хувьд яагаад хэрэглэдэг гэдэг талаас нь бичлээ.



АВТОМАШИНЫ ХЭРЭГСЛҮҮД


Эхлээд автомашины тоноглолоос эхэлж бичье.


ARB дугуйны нүх сүвлэгч / ARB TYRE PUNCTURE REPAIR KIT

Хий алдаж байгаа нүхийг олсон бол сүвлэгч ашиглаж сүвлэж болно. Гэвч удаад явж болохгүй дугуй засвар хүртэл бага хурдтай явж болох заавартай гэдгийг мартаж болохгүй.


Snatch block


Физикийн хуулиар хүч хожихыг бодит амьдрал дээр хэрэглэх арга юм. Таны winch-ний хүч хүрэхгүй бол үүнийг заавал ашиглаарай. Нэг дахин хүч хождог юм шүү.


Shackle


Барилгад хэрэглэдэгтэй ер нь төстэй дөө. Даацаас хамаарч жижгээс том хүртэл байдаг. Үндсэн хэрэглээ нь татлагыг татах суурьтай холбох юм.


Snatch strap буюу сунадаг татлага


SUV-тэй бол хамгийн бага даа 8 тонн даацтайг авахыг зөвлөж байна. Машин суусан тохиолдолд ойролцоогоор машины жинг 2 дахин хүнд болно гэж тооцож болно. Үнэ нь хэлээд өгнө дөө учир нь зах зээл дээр маш олон төрлийн ялгаатай үнэтэй байдаг болохоор үнэтэй нь сайн гэж ойлгочиход болно.


Сунадаг байх нь хамгийн чухал юм. Учир нь угзарч татахад суналт бий болж хүчийг зөөллөж өгдөг ба уян харимхай хүчээр буцааж таталтын хүч бий болгоно.


Дугуй хийлэгч


Viair брендийн хоёр төрлийг ашигладаг. Нэг нь шууд аккумляторт холбож хэрэглэдэг бол нөгөө асаагуураас тэжээлээ авдаг. Мэдээж шууд холбож байгаа нь хүчтэй хурдан хийлдэг.



Эвүүр


Max trax эвүүрийг жалга шиг газарт ашиглах бол давхарлаж хэрэглэгдэг. Өвөл хүйтэнд бас давхарладаг. Австрали загвартай болохоор хүйтэн хугарч магадгүй гэж хаширлаж байгаа юм.


Дэлгэрэнгүй хэрэглээг доорх бичлэгээс үзээрэй.


Шатахууны нөөц сав


Хоёр төрлийн шатахууны нөөц сав ашигладаг. Нэг нь хуучны армийн загвартай. Нөөц савыг ачааны хэсэгт бэхлэдэг.

Энэ хошууны тусламжтайгаар шатахуунаа машиндаа хийхдээ асгаж цалгихгүйгээр хийнэ.


Нөгөө нь Long haul хуванцар банк. Rotopax дууриамал гэх үү дээ. Эвүүр болгож байгаа зураг байдаг ч би хувьдаа тэгж зөвлөхгүй. Энэ банкны ганц сул тал нь чанга мушгиж болохгүй бас угладаг хошуу нь нийлсэн хэсгээрээ салчихаад байдаг.


Сүүдрэвч


2.5 метрийн урттай сүүдрэвчтэй их удаж байна даа. Хурц нартай, нойтон цастай, бороотой үед хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд Монгол маань орон дэлхийн дулаарлаас болоод их салхитай болсон санагддаг. Салхитай үед дээшээ савж сүйд хийчих гээд байдгаас бусдаар бол хэрэгтэй эд дээ. Бэхэлгээ чухал гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Би олон удаа дээш нь савуулж байсан шүү. Тэгэхлээр сүртэй 270 хэм дэлгэгддэг сүүдрэвч бол салхинд тэсэхгүй биз гэж би хувьдаа боддог.


Нэмэлт гэрэл


Vision X LED гэрлийн фен гэж хэлж болох юм. Өмнө IPF болон Lightforce гэрэл хэрэглэж байсан. Гүйцэтгэл тааруу болохоор сольсон доо. Анх гэрлийг ингэж шийдэж байлаа.


Гэрлийн чухал үзүүлэлт бол lumen ба цахилгаан хэрэглээ гэж боддог. Мэдээж LED бол бага хэрэглээтэй олон lumens гаргадаг гэдэг нь эргэлзээгүй гэхдээ LED бүр тийм биш. Vision X LED бол миний л хувьд супер гэрэл.

Ачааны хэсэгт байрлах гэрлийн давуу тал: Харанхуйд кофут давсан ус гатлахад машины их гэрэл болон bulbar дээрх гэрлийн тусгал ус руу орж гэрэлгүй мэт болно. Энэ үед цаад талын эрэг харагдахгүй болно шүү дээ.


Буудаллах үед ачааны арын хэсэг байрлуулсан LED гэрэл ашигладаг. Аль болох л удаан асаах болохоор бага гүйдэл урсгадаг байвал сайн гэсэн үг. Vision X 5W-ийн хос жижиг гэрэл.

Жишээ энэ хос гэрэл 12 вольтын 10 ватт чадалтай гэж бодохоор 1 амп ч хүрэхгүй гэсэн үг. Тусгал сайтай ба хэмнэлттэй гэж хэлж болно.


Урд ба хойд төмөр хамгаалалт


Харагдах байдал миний хувьд нэгдүгээрт байгаагүй гэдгийг хэлэх нь зөв. Үүссэн үндсэн шаардлага нь Австралид имжтэй мөргөлдөхөөс эхлэлтэй гэдэг юм билээ. Дараагийн шаардлага бол Hi-Jack буюу домократаар өргөх тулгуур болж өгдөг. ARB bulbar хувьд гар хийцийн төмөр гуперээс ялгарах нь airbag ажиллуулах хэсэгтэй. Иймээс гар хийц ба үйлдвэрийн туршлага хоёрыг хэзээ мартаж, орхиж болохгүй. ARB манангийн гэрэл нь үнэхээр гамшигийн загвартай. IPF-ийн энэ гэрэл аслаа бол халалт ихтэй болохоор ус, цас хүрлээ л бол хагарчихдаг.

Хойд хамгаалалт дээрээ дугуй үүрэхийг олон хүмүүс зөв гэдэггүй ч нэг давуу тал нь гүнзгий ус гатлахад хэрэг нь гарна. Дугуйгаа доороо зүүсэн тохиолдолд усанд хийтэй дугуй машиныг дээш хөвөхөд нэмэр болж өгдөг. Ялангуяа 35 инчийн том дугуй. Хэрэв дугуй үүрэгч байхгүй бол ачаандаа ачаад ус гатлаарай. Дугуй хийлэгчтэй бол ардаа үүрсэн дугуйгаа бага хийтэй авч болно. Дугуйны оронд нэг нөөц шатахууны сав зүүвэл зөв шийдэл шүү. Миний хувьд шатахууны нөөц савыг ачаанд ачдаг тул ардаа хоёр дугуй үүрдгийг сонгосон. ARB анх удаа хойд гупер хийснийг би авчихсан байсан. Уул Kaymar гээд алдартай бүтээгдэхүүнийг тавьдаг байсан юм билээ. Гол алдаа нь шарики нь амархан нурна, хэд ч сольсон юм бүү мэд.



Hi-Jack домократ ба үүний суурь


Энэ домократын хэрэглээ бол аяллаар зогсохгүй олон салбартай ашиглагддаг. Суусан машиныг өргөхөд ашиглах нь тодорхой. Нөгөө хэрэглээ нь winch леботка шиг ашиглах болох ч үзээгүй. Дугуй солиход ашиглаж болохгүй шүү.



Дугуй


Юун түрүүн энэ бол маш өргөн сэдэв бөгөөд зөвхөн өөрийн ашигладаг дугуйгаа оруулсан шүү. Дугуй сонгохдоо өвлийн дугуй ба AT эсвэл MT дугуй сонгоорой. Миний өвлийн дугуйн сонголт бол Bridgestone Blizzak. Шинэ өвлийн дугуй авах гэж байвал тухайн жилийн өвлийн дугуйны түвшинг жагсаасан жагсаалтыг нэг шалгаж үзээрэй. Жил бүр технологи сайжирч байгаа тул цастай мөстэй замын нөхцөлд замтай барьцалдах чадвар сайн дугуй гарсаар байна. Өвлийн дугуйг 7 хэмээс илүү нөхцөлд ашиглахад дугуйны элэгдэл маш их гарна гэж уншиж байсан. Дулааны улиралд буюу 4 сараас 11 хүртэл Cooper Discoverer STT Pro MT дугуйтай байдаг.

AT бол хамгийн дундаж үзүүлэлт бүхий дугуй өөрөө хэлбэл бүх замын нөхцөлд дундаж үзүүлэлттэй гэсэн үг. Миний хувьд AT дугуй 6 сар ашиглаад MT болгосон байдаг. Шулуун замд дуу шуугиан ихтэй ч гүйцэтгэл сайн болохоор MT ашигладаг. Дугуйны хувьд тусдаа нэг сэдэв болохоор учир ингээд орхилоо.


GPS app


Энэ сэдэв бол маш энгийн боловч адармаатай. Эхлээд та өөрийнхөө хэрэглээг тодорхойлох хэрэгтэй. Алхдаг уу, машинаар аялдаг уу, суурин газрууд хооронд явдаг уу гэх мэтээр.

Өнгөрсөн жилээс би топо газрын зургийг хамгийн сайн гэж дүгнэж байгаа юм. Учир нь газрын өндөржилт, ургамал, ус гэх мэтээр харуулдаг.

Би гар утас дээр суудаг GPS-үүд ашигладаг. Учир нь олон зүйл авч явахгүйг хичээж байгаа юм. Нөгөөтэйгүүр гар утас бороо чийг гээд хамгаалалттай хямд шийдэл гэж хэлж болно. GPS device байвал амар ч шинэчлэн боломжгүй өөрөөр хэлбэл баригдмал болчихно гэсэн үг. Өөрийн хэрэглэдэг 4 төрлийн GPS-г юу юунд ашигладгаа хэлье.


Орон нутгийн газар усны нэрийг Монгол хэлээр байдаг тул хэрэглээнд их ойр. Ялангуяа нутгийн хүмүүстэй газрын нэр ярьж ойлголцоход амар байдаг. Утас дээр зай бага эзэлдэг. Сул тал нь хуучны замыг санал болгодог. Ер нь хамгийн ойрыг заадаг тул дагахгүй байхыг хичээх хэрэгтэй.


Нээлттэй эх дээр суурилсан тул хөгжүүлэгч нар буюу Монголд аялж байгаа хүмүүс мэдээллээ оруулаад байвал маш баялаг болж хөгжих боломжтой. Сүүлийн жилүүдэд суурин газар хооронд бол асуудалгүй ажиллана. Олон хүмүүс ашиглах л тусам хөгжөөд байдаг тул танд байдаг бол хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаарай гэж хүсэх байна. Зураглалын хувьд өмнөхтэй (GEONET) ижил боловч Монгол хэлээр уул усны нэр их ховор байгаа юм. Үнэгүй болохоор танд заавал байх GPS app шүү.


Энэ app нь миний эхлэхдээ хэлдэг дуртай болоод байгаа app юм. Уул уурхайн салбарт ажилладаг бол аваарай гэж зөвлөх байна. Лиценз бүхий талбайнуудыг оруулсан гэж би ойлгосон. Үнийн хувьд сонголтоос хамаарч өөр өөр байдаг. Аялагч нарт зориулсан хувилбарыг би хувьдаа сонгосон. Бусад мэдээллийг Navi Market гээд fb хуудсаас аваарай. Ганц л сул тал нь 14GB зай эзэлнэ. Өөр сонголт байхгүй л дээ тэр их мэдээлэл тэгж л таарна. Мөн iOS дээр болохгүй. Угаасаа хүйтэнд (-20C) унтраад байдаг дэмий л дээ.


Offline ажиллахгүй тул очих газрынхаа орчмыг cache байдлаар хадгалаад авч болдог. Иймэрхүү байдаг хэт бартаат газар болон зам гаргах гэж явахдаа ашиглаад явж болно.


Радио станц /машины ба гар/


Машины радио станц бол олуулаа аялж байхад хамгийн ихээр хэрэглэгддэг эд дээ. Аяллын турш базуурыг байнга л барьж явах хэрэг гарна. Гар (чадал ~5В) болон машины (чадал ~60В) станц хоёрын чадлын зөрүү 10 дахин байдаг. Аялалд явдаг л бол станц суурилуулсан нь зөв юм. Буруу замаар орох, тусламж дуудах, хооронд харилцах, ирж яваа нэгнээ угтах гэх мэтээр маш их хэрэглэдэг. Миний хувьд манайд хамгийн өргөн ашиглагддаг Kenwood өндөр, намын станц тус тусад нь ашигладаг. Зарим станц өндөр ба нам хосолсон байдаг. Ажиллагааны хувьд ч, нөөц байдлын хувьд ч тусдаа байсан нь зөв гэж бодож хоёр станц суурилуулсан. Загвар нь TM-471 ба TM-271.


Гар станцийн хувьд сүүлийн хэдэн жил хүчтэй орж ирээд байдаг Хятадын Baofeng UV-5R ашиглаж байна. Өндөр нам хосолсон гар станц юм. Загварын хувьд ус, доргионы хамгаалалттай гэх мэтээр олон загвартай байдаг. Өмнө нь Kenwood гар станц ашиглаж байсан. Kenwood тухайд ямар ч асуудалгүй станц манай цагдаангийнхан түгээмэл ашигладаг даа.


Шүршүүрийн шийдэл


Орой халуун шүршүүрт ороод унтаад, өглөө халуун шүршүүрт ороод аялалд гарахад юутай гоёхон бэ гэж. Газаар ажилладаг энэ шийдлийг танилцуулъя. Шаардлагатай зүйлс нь:

- Газ /butane gas биш/

- Усны нөөц /хүн 7 -10 литр усаар шүршүүрт ордог гэж тооцох хэрэгтэй./

- Ус шахагч /12В ажилладаг байх хэрэгтэй. Shurflo гээд шахагч хэрэглэдэг. /

- А баттерэй /1ш/



Илүү дэлгэрэнгүй ойлголтыг доорх бичлэгээс бичээрэй.


Бусад


Үүнд хөрөө, хүрз, сүх, лоом зэрэг багтана. Өвлийн цагт лоом бол маш хэрэгтэй шүү.




ХУВИЙН БЭЛТГЭЛ


Өвлийн гадуур хувцас


Өвлийн хувцасаас эхэлье. Зун бол яахав малгайтай цамц, шорт, сандаалтайгаа болгочихдог юм доо. Олон төрлийн хувцас аялагч нараас асууж туршлага судалсан. Амьтны гаралтай үслэг эдлэл хувьдаа өмсөх сонирхол бага тул авч байсангүй. Бага байхад аав хонины нэхий дотортой танкийн хар өмсгөөд хөдөө явахад нэлээн хүнд санагдаж байсан тэрнээс ч болсон байж болно. Хөдөө аялахад гал түлэх нь зайлшгүй. Галаас цог үсэрч хувцас цоорох нь гарцаагүй тул үнэтэй хувцас аваад удалгүй бөөн нүх л болчихно. Тиймээс хамгийн боломжийн сонголт бол Нарантуул зах дээр зарагддаг армийн болтой Орос хослол хамгийн зөв санагддаг. Нарантуул зах дээр туршигдсан эд гэж хэлж болно учир нь нэлээд олон худалдаа эрхлэгч нар өмссөн байдаг. Өмд дээшээ нуруу гэдэс рүү дулаан. Дээл мэдээж байнга л авч явах хэрэгтэй дээ. Өмнө хэлснийг мартаж болохгүй галаас үсэрсэн цог цоолж л таараа. Дотуураа бол дулаан хадгалдаг хувцас өмсөх хэрэгтэй.

Хээрийн түүдэг галаас хол байна гэвэл Red Fox /Орос/ куртик дулаан бас материал сайтай юм билээ. Энэ куртикийг Орост үйлдвэрлэсэн бөгөөд манайх шиг урт удаан өвөлтэй тул туршигдсан хувцас гэж хувьдаа боддог.

Майхан


Quechua 2 seconds XL


Шиддэг гэж нэрлэдэг Францын Quechua 2 сек-ийн майхан байнга л авч явдаг. Сайн талууд: салхинд тогтвортой, барихад хялбар 2-сек, бороонд 2 өдөртөө бол нэвтрээгүй.



ARB Swag tent


ARB Swag tent-ийн фен болсон гэхэд болно доо. Мото аялалд бол тохиромжгүй учир нь овор жин ихтэй. ARB 1 хүний болон 2 хүний swag майхан хэрэглэж байна. Сайн талууд: матрастай учир маш тухтай амарна, хүчтэй салхи, бороо, цас аль алинд ашигласан сэтгэл ханамж 100%, агаар сэлгээ сайн яг л Монгол гэр шиг. Сул тал: Овортой гэхдээ ачаанд ачиж шийдсэн.



Thunderbay Ice Shelter /Өвлийн сууц/


Мөсний загасчлалд зориулж хийсэн болохоор шалгүй. Барьж буулгахад шүхэр шиг амархан. Нэмэлтээр жижиг зуух хийж яндангийн нүх гаргасан. Гадас нь шруп шиг загвартай болохоор хөлдсөн газар сайн зоогдоно. Хаяагаа сайн манасан байхад салхи шуурганд дажгүй байсан.



Аяны хөнжил


Mountain Hardwear Lamina -34C


Жин: 2.4 кг

Овор: 30 x 55см /жижиг гэсэн үг шүү/

Маш дулаахан аяны хөнжил дөө


Өмнөх хөнжлөөс 2 дахин их овортой. Загварын хувьд өөр ба -30С үзүүлэлт бүхий. Ер нь өвөлдөө хоёр давхар хөнжил бол миний хувьд шилдэг хувилбар.

Хутга


Хутганд хоббитой ах нарын зөвлөгөөгөөр Bark river STS 7.5 CPM154 авсан. Сайхан эд дээ. Бусад нь Buck 120 ба Buck 277.

Цахиур


Нарны энергиэр цэнэглэгч


Нараар гар утсаа цэнэглэж болох ч сайхан санаа бол биш, учир нь нарны тусгалаас хамаарч гүйдэл өөрчлөгдөнө. Энэ нь утасны баттерэйд муу. Ганцаагүй нөхцөлд бол энэ цэнэглэгч мэдээж төгс хувилбар юм. Anker брендийн энэ цэнэглэгч amazon.com дээр review өндөр байдаг.


Дуран


Nikon Prostaff 10x42 ба Nikon Action 10-22x50. 22x татаж харахад хөл /tripod/ хэрэгтэй болно.



ГАЛ ТОГООНЫ ХЭСЭГ


Хөргөгч


Waeco CF-40 quart загварын хөлдөөгч нь -18C –аас 0 хэмийн тохиргоотой цахилгааны хувьд 12В бол 6 амп гүйдэл зарцуулдаг. Quart хэмжээ нь литртэй ойролцоо хэмжигдэхүүн байдаг. Хөлдөөгчөө үргэлж л цахилгаанд холбоотой байна гэж байхгүй тул ice pack цахилгаанд холбоогүй үед хүйтэнг барихад тусална.

Газ плитка

Солонгосын газ плиткагийн тэргүүлэгч үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн.

Газын сав


Төмөр саваас 35 хувиар хөнгөн бөгөөд тэсрэхгүй.

Kovea газ плитка

Жижиг бутан газ ордог овор багатай.

Примус


MSR бүтээгдэхүүн ихэвчлэн овор жин багатай уулчдад зориулсан байдаг. Хүйтэнд бутан газ цацах нь тодорхой. Энэ примус дизель, бензин, керосин гэсэн гурван төрлийн шатахуунаар ажилладаг.




Хоолны тогоо


Оросын Кукмара тогоо хөнгөн бөгөөд таг сайн таглагддаг. Дотоодод үйлдвэрлэсэн тогооны таг зайтай таглагддаг.

Dutch oven


Энэ ширмэн тогоонд хийдэг хоолнууд маш олноороо байдаг. Талх барьж, пицца хийж болдог. Дээр ба доороос нь модны нүүрс /Charcoal/-ээр жигд халааж болдгоороо давуу талтай. Тогооны хэмийг зохицуулахдаа нүүрсний тоо хэмжээгээр зохицуулдаг. Би 12 inch/5 quart ба 16 инч/12 quart хэмжээтэйг хэрэглэдэг. Тагийг хайруулын таваг болгож ашиглаж болно.

Сул тал:

- Сүүний төрлийн зүйл хийхэд тохиромжгүй. /Сүүтэй цай чанах ба банштай цай хийх/

- Хүнд жинтэй. Жишээ нь минийх 6кг, 15кг жинтэй.


Espresso maker


Италийн Bialetti брендийг үүсгэн байгуулагч нь өөрийн нэрээр нэрлэсэн. Энэхүү moka pot-ийг дэлхий даяар 330 сая борлуулсан гэсэн баримт байдаг. Миний хэрэглээнд Moka 6-аяга болон 12-аяганы espresso maker байдаг. Кофе уух дуртай л бол заавал байх эд дээ.


Лапша хийхэд амархан


Гурил зуураад хэд эргүүлээд л гүйцээ

Stanley цуглуулга


Кофе сав, халуун сав, хүйтэн усны сав, шар айргийн сав гэх мэт олон төрлийн зориулалт бүхий савнууд байдаг.

Ингэж гадаа орхиод өглөө нь халуун хэвээрээ байдаг сав шүү дээ.


Ашиглаж байгаад орхисон хэрэгслүүд:


· Ачаанд бэхлэгддэг майхан – сул тал: авч суулгахад ажил ихтэй. Зарсан шалтгаан нь граж руу багтдаггүй байлаа.

· Ачааны хэсэгт бэхлэдэг уут – борооны ус орж л таараа. Бүгд л 100 хувь хамгаалалттай гэдэг боловч амьдрал дээр тийм биш. Норсон ч асуудалгүй эд зүйлсээ хийхэд асуудалгүй дээ.

· IPF Гэрэл: өндөр ватттай тул хэт их урсгал аккумлятороос авч ачаалал өгнө.

· Lightforce 240XT гэрэл: өсгөгчтэй хувилбар байсан хэрэглээ ихтэй боловч нил тусгал сайн биш. Цэгэн тусгал нь 1000 м боловч амьдрал дээр ан хийхгүй л бол тийм хол руу цэгээр тусгана гэдэг утгагүй.

· Дугуйнаас Hi-Jack-аар өргөгч - сул тал: карлангүй машинд зориулагдсан

· Өөрөө хийлэгддэг гудас – сул тал: хүйтэнд хайрдаг бас чийг татна.

· Жи-мобайл машины утас: антенн, харилцуур, яригч, цахилгааны зэрэг хэт олон утастай

· 60 сек-т баригддаг 8 хүний майхан – сул тал: салхинд тогтворгүй

· Flames салдаг дотортой өвлийн хөгжил – сул тал: хэт овортой, зузаан болохоор биед наалдац бага, толгой хэсгээр ялангуяа




ЗӨВЛӨМЖ: Дараагийн удаа аяллын хэрэгсэл авах юуг анхаарч үзэх вэ?


· Аялал бол А цэгээс Б цэгт, Б цэгээс В цэгт гэх мэтчилэн явах тээврийн хөдөлгөөн/логистик/ гэж хэлж болох юм. Тэгвэл тээврийн үнийг тооцохдоо жин, овор 2-ын аль илүү үнэтэйгээр тооцож төлбөрөө авдаг. Үүнтэй агаар нэгтэйгээр ЖИН, ОВОР ХОЁРЫГ ЗААВАЛ ХАРГАЛЗАЖ АЯЛЛЫН ХЭРЭГСЛЭЭ СОНГООРОЙ.

· Хүнс хадгалах саваас өөр хуванцар сав сонгохгүй байх. Метал сав сонгохыг зөвлөж байна.

· Хэзээ хэдэн удаа юунд ашиглах вэ? гэдгийг заавал бодолцоорой. Учир нь хэрэггүй зүйлс заримдаа авчихсан үе байдаг. Үүнд зайлшгүй үед хэрэглэх хэрэгслийг оруулахгүй шүү.

· Хэзээ ч гар хийц ба үйлдвэрийн туршлага хоёрыг мартаж, орхиж болохгүй. Аль нэг жижиг хэсгээр яваандаа гологдох л болно.

· Дээр байгаа хэрэгслүүд бол миний хэрэглээгээр туршигдаж эдлэгдсэн хэрэгтэй эд зүйлс гэдгийг бодолцож үзээрэй.


Эдгээр бүх санаа, туршлага үг зөвхөн миний туулсан, ашигласан, хэрэглэсэн зүйлс дээр тулгуурласан гэдгийг сануулаад дуустал уншсан танд ихэд талархлаа.


Ч.Цог

1,891 views0 comments
bottom of page