top of page
Ч.Цог

ЕСТИЙН ХАЛУУН РАШААН – Аялагчийн Тэмдэглэл


2017 оны тахиа жил гарч анхны аялалыг Естийн Халуун Рашаан явахаар аялалын баг маань бэлтгэж эхэллээ. Энэ аялал нь дөрвөн дугуйт хүлгээр хийж байгаа нь илүү онцлог байлаа. Цагаан сар 2 дугаар сарын нэлээд сүүлд болсон болохоор хүйтний эрч буурч байсан цаг байлаа. 3 сарын 10-ны Баасан гарагийн өглөөний 6 адал явдал эрэлхийлэгч залуу аянд замд гарлаа. Яг сарын өмнө Зайсан Мото Клубын тэргүүний шилдэг аялагч нар аялаад ирсэн болохоор замын байдал болоод бүхий л зааварчилгааг харамгүй авсан байсан нь бидний аялалд нэлээдгүй тус болсон. Манай Аялагч Төмөрөө өмнө нь энэ чиглэлд явж байсан болохоор зам гаргаж манлайлан хөдөллөө. Өвлийн улирал эрх бүрэнхий болдог болохоор цаг алдахгүйн тулд Гүнтээр давж Батсүмбэр сум дээр ирж шатахууны саваа дүүргэж аваад Сумаас жоохон яваад үндсэн замдаа орохын өмнө бага зэрэг зогсолт хийлээ. Бидний зорих зүгт цас орж байсан болохоор үзэгдэх орчин хязгаарлагдаж байлаа. Ингээд Пост ирж өөрсдийн зорилго, нэрээ бүртгүүлээд Хан Хэнтийн Тусгай Хамгаалалтын бүсэд нэвтэрлээ. Постоос цаашаа нэг мод ачсан Урал таарснаас бусдаар хүн амьтан таарсангүй. Цаг давчуу болохоор боломжтой замыг аль болох хурдан туулахаар ярилцаад Ит Эмийн даваа, Нэмэхийн Даваа дээр нэг их удалгүй хөдөллөө. Замд уулын ус орж ирсэн хэсэг мөстэй болохоор маш болгоомжтой явах шаардлагатай гэдгийг бидэнд ойлгууллаа. Цас орж байсан болохоор шуурга байсангүй маш тогтуун дулаан байлаа. Шинэхэн орсон цастай зам дээр хоёр машины мөр байгаа нь яваад удаагүй бидний урд хоёр машинтай хүмүүс явж байгаа нь тодорхой байна. Уулын замаар голоо дагж явсаар хавцал дээр ирээд үдийн цайгаа уухаар хэсэг амарч зогслоо. Замын байдал бол дөрвөн дугуйттай болохоор тун тухтай байгааг бүгд шагшин ярилцаад цаашаа явлаа.

GPS харахад нэлээдгүй ойртож ирээд урд явж байгаа хоёр машинтай хүмүүсийг даваа дээр гүйцэт түрүүллээ. Даваагаар машинтай давна гэдэг үнэхээр хүнд харагдаж байлаа. Даваа нь ой модон дунд болохоор жоохон л гулгахад мод руу очиж гуядах гээд маш эвгүй харагдаж байсан. Би хамгийн ард зураг авч, ачаа ихтэй болохоор хөөрхөн хоцорч явж байсан болохоор хоёр машиныг гүйцэхэд тасарч үлджээ. Машинтай хүмүүс намайг урдаа гаргахын тулд боломжтой газар хүртэл нэлээн удаан дагж явлаа шүү. Ашгүй нэг зөрөх газар олоод гүйцэж аваад явж байтал намайг багийнхан маань хүлээгээд амс хийж байна. Би ч удаахыг бодсонгүй шууд явья гээд цаашаа явлаа. Эндээс өмнө нэлээн хэдэн км-с бартаа эхэлсэн болохоор хурдтай явж гэж бараг л боломжгүй. Халуун Рашаан руу ойртох тусам бартаа ихтэй, зун цагт ямар хэцүү байх бол гэсэн бодол салахгүй байсан шүү. Постоос 110 км явсан болов уу даа яг гэгээ тасрахын өмнө амжилттай Естийн Халуун Рашаан дээр ирлээ. Ард явсан машинтай хүмүүс бидний буудалсны дараа ирж рашааны хажууханд буудалж байгаа харагдана. Бид мод ороод өмнө хүмүүсийн буудалсан газарт ирж тухаллаа. Банштай цай, вандуйтай шөлийг туршлагатай аялагч нар байсан болохоор цагийн дотор хийж амжаад аян замын ядарсан, өлссөн байхыг хоол идсний дараа л мэдэрч, халуун яриа өрнүүллээ.

Маргааш өглөө 8 цагт босоход байгалийн хувьд үнэхээр үзэсгэлэнтэй, рашаан ус, ой мод хосолсон сайхан хангай нутаг бидний угтлаа. Өмнөх өдөр цас орж байсан болохоор үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан болохоор энэ сайхан газарт ирсэн байснаа өглөөний цэлмэг тэнгэр, мандаж байгаа нарны туяа бидэнд энэ бүхний бэлэглэж байгаа мэт сайхан байв. Өглөөний хоолны дараа халуун рашааны зүг усны хувцас, дээл, халааттайгаар явлаа. Замдаа нэлээд олон рашаан хүртээд үндсэн халуун рашаан дээр ирлээ. Өчигдрийн машинтай хүмүүс дунд Дэлгэрсайхан ах явж байсныг сая мэдэж авлаа. Ахтай хэсэг аялал, байгалийн сайханг ярилцаад халуун рашаандаа бид 6 орж, Тахиа жилийнхээ эрч хүчийг эндээс хүртэх шиг болсон билээ.

Хэрэгтэй мэдээлэл:

GPS солбицол

Пост N48.5406469, E106.9055379 48°32'26.3"N 106°54'19.9"E Итэмийн Даваа N48.60195, E107.20764 48°36'07.0"N 107°12'27.5"E Нэмэхийн даваа N48.59371, E107.26137 48°35'37.4"N 107°15'40.9"E Естийн Халуун Рашаан N48.60218, E107.84186 48°36'07.5"N 107°50'30.4"E

АЯЛАГЧ ТА БАЙГАЛДАА ЗӨВ ЗОХИСТОЙ АЯЛААРАЙ.

Хүндэтгэсэн,

Хиад-Боржигон овогт Чимэг-Очирын ЦОГ

1,466 views1 comment

Recent Posts

See All
bottom of page